Санхүүгийн эрүүл хэв маяг
Христмас баяр, Шинэ Жил ... он гараад хоёр сард Цагаан сар ... гуравдугаар сард Эмэгтэйчүүдийн, Эр цэргийн баяр залгах гэж байна. Баяр болгоноор айл гэр бүл, албан байгууллага бэлэг сэлт, идэж ууж, өмсөж зүүх хувцас, гангараа гоёондоо мөнгөө цацахад бэлдэнэ. Тэр ч сургаар Эрээнийхэн бараагаа хятадын өнцөг булан бүрээс аль болох хямдаар татаад Монголоос ирэх наймаачдад зарахаар хүлээж сууна. Тэгвэл эгэл жирийн, тийм ч их мөнгөгүй хүмүүс баяраар даруухан хооллож, байдгаараа хичээнэ. Ер нь санхүүгийн хувьд "эрүүл" байх, "сахилга бат"-тай байх талаар нилээн уншиж байхад сургамжтай болов уу гэсэн хэд хэдэн зарчмыг олсноо тантай хуваалцъя гэж бодлоо.
1. Шаардлагагүй бол дэлгүүр дэмий бүү хэс.
Хүн харснаа авах гэдэг шуналтай амьтан. Танд үнэхээр хэрэгтэй эсэхийг цаг ямагт шалгаж, өөрөөсөө байн байн асуух хэрэгтэй. Одоо байгаа тань тийм ч муудаагүй, энд тэндээ ганц хоёр ханзарсан тэгээд ч түүнийг нь тордоод явбал хэрэглэж болохоор бол "хэмнэлттэй" байх зарчмыг сонгоорой. Харин хэрэгтэй бараагаа сонгохын тулд мэдээж хэд хэдэн дэлгүүр орж үнийг нь, урамшууллыг нь харьцуулж харах хэрэгтэй. Таалагдсан бараагаа шууд бүү аваарай. Өөр дэлгүүрт илүү дээр боломж байгаа ч юм билүү?
2. Бэлэн мөнгө биедээ ихээр бүү авч яв.
Хүн бага мөнгөтэй байхдаа мөнгөндөө тааруулж бараагаа авах гэж үнийг нь харьцуулж, ухаалаг сонголт хийдэг. Харин их мөнгөтэй дэлгүүрт орвол үнийг нь шалгахаас илүүтэй энэ бараа таалагдаж байгаа эсэхээс шалтгаалж худалдан авалт хийдэг. Тиймд, илүүдэл худалдан авалт хийхгүйн тулд худалдан авалт хийхэд таарах мөнгөтэй явахыг хичээгээрэй. Мөн цахим каартаар худалдан авалт хийхээс цааргал. Аль болох бэлэн мөнгөөр худалдан авалт хийвэл мөнгөө хянахад тань тустай юм.
3. Хямдралыг хүлээ.
Яг одоо худалдан авах шаардлагагүй л бол "хямдрал"-ыг хүлээ. Зарим бараа жилийн сүүлчээр 50%-80% хямдардаг. Хэдхэн сар л хүлээснээр та мөнгөө хэмнэж чадна. Зарим дэлгүүрт гишүүнчлэлийн каарт олгодог. Тийм каарт хэрэглэх нь танд зарим нэг давуу тал олгох болно.
4. Сэтгэлийн хөдөлгөөнөөр худалдан авалт бүү хий.
Цалин буусан өдрөө хүмүүс дэлгүүр шууд ороод хэрэгтэй, хэрэггүй бараа худалдан авдаг. Өлссөн үедээ, сэтгэлээр унасан үедээ, эсвэл баярхах гэж, гайхуулах гэж худалдан авалт бүү хий. Сүүлийн үеийн гэх тодотголтой цахилгаан хэрэгсэл, машин, гар утас, хувцас, компьютер гэх мэт зүйлсийг худалдан авалгүй бага зэрэг хүлээ. Сүүлийн үеийн юм бүхэн хамгийн шилдэг нь байдаггүй юм шүү дээ.
Хэдэн зөвлөгөө өгье! Бэлэг сонгохдоо үнэтэй гэхээсээ илүү тухайн хүнд хэрэгтэй юмыг нь сонго. Хувцас авах бол хаана, хэдийд, хэр удаан өмсөхөө тооцоолж мөнгөө зарцуул. Тухайлбал, жилийн хэдхэн өдөр өмсөх хувцсанд бага мөнгө, харин хэдэн сарын турш өмсөх хувцсанд илүү чанартайг нь сонго. Хүүхдэд хэт үнэтэй брэндийн гэх хувцас, гутал авахаас цааргалах нь таны мөнгөнд болон сэтгэл санаанд тань хэмнэлттэй. Энэ жил авсан хувцас, гутал дараа жил нь хүүхдэд тань багадах тул заавал үнэтэйгээс нь авах шаардлагагүй. Биед нь таарсан, боломжийн үнэтэй гутал хувцас авч өгөөрэй. Томчуудын тухайд, чанартай хувцас, гутал авбал удаан хэрэглэх тул авахаасаа өмнө сайн тооцоолно биз ээ. Эцэст нь хэлэхэд, "Таныг таалдаггүй хүнд таалагдахын тулд (эсвэл гайхуулахын тулд), өөрт байхгүй мөнгөөр (бусдаар зээлж), өөрт хэрэггүй зүйлийг бүү худалдан ав."
Бичсэн :
FLOWER
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment